АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2011-09-12 - 100+100=ХКН буюу Монголын улс төрийн намуудын гадаад харилцааны мөн чанар (Шүүмж нийтлэл)

 

            Аливаа улс орны өөдлөн дэвжих, уруудан доройтох нь тухайн орны улс төрийн гол хүчнүүдийн бодлого, үйл ажиллагаанаас шууд хамаардаг билээ. Нэг үгээр хэлбэл тухайн улсын хөгжлийн гарцыг төрийн бодлогыг удирдан зангидаж байдаг эрх баригч намууд гол үүрэг гүйцэтгэдэг.

 

            Саяхны нэг өдөр би багын хоёр найзтайгаа хэрэг болгож уулзлаа. Учир нь тэд саяхан БНХАУ-д 7 хоног айлчлаад ирсэн манай улсын шилдэг тэргүүний 200 сэхээтэн залуусын  нэг юм л даа. Найзуудтайгаа хэрэг болгож уулзах шалтаг маань энэ 200 залууг ямар учраас Хятад улс өөрийн орондоо айлчлуулсан талаар бодит мэдээлэлтэй болох байлаа. Манай улсын түүхэнд урьд нь хэзээ ч ийм олон залуу гадаад оронд айлчилж байсангүй.

 

            Найзуудтайгаа уулзаж суухад энэ удаагийн манай 200 сэхээтний айлчлал улс төрийн нэлээд чухал айлчлал болжээ. Тэдний ярих нь:

 

Энэ удаагийн айлчлалыг ХКН-ын 90 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Бүх хятадын залуучуудын холбоо, Хятадын коммунист залуучуудын эвлэлээс хамтран зохион байгуулсан аж. Зохион байгуулагчдын зүгээс манай улсаас 200 залууг айлчлуулахаар болж, гэтэл МАН-ын генсек У.Хүрэлсүх ХКН-тай тогтоосон харилцаагаа ашиглан өөрийн намын 100 гишүүнийг явуулахаар шууд тохиролцож, харин үлдсэн 100 залууг Ардчилсан нам болон түүнтэй ил болон далд байдлаар холбоотой бусад байгууллагуудаас бүрдүүлэн явуулжээ. Тэдний дунд чухам ямар утга учиртай айлчлалд явж байгаагаа мэдэхгүй нам бус хэсэг ч байжээ.

 

            Ингээд наймдугаар сарын сүүлийн нартай сайхан өдөр эх орны маань 200 залуу /МАН+АН+нам бус/ өмнөд хөршийг зорьжээ.

 

Айлын талаас манай залуучуудад зориулан тусгай хөтөлбөр гаргаж, бүр сайн дурынхныг хүртэл бэлдэж, ёстой нэг дэлхийн хүчирхэг гүрний сүрийг үзүүлэн угтаж авсан байна. Хятадын тал энэ айлчлалыг төрийн албан ёсны айлчлалын хэмжээнд бэлтгэж, бүр 1 сарын өмнөөс сайн дурынхныг бэлтгэж, цэрэг, цагдаагийнхны хамгаалалтыг гаргасан гэнэ лээ.

 

            Айлын тал тэгж шийдсэн үү, эсвэл манай талаас санал тавьсан уу бүү мэд ямар ч байсан манай залуусыг зуу, зуугаар нь хоёр хэсэг /МАН-ийн гишүүд, АН-ын болон нам бус/-т хуваан улаан цэнхэр өнгийн футболкоор “гангалж” тус тусдаа өөр хөтөлбөрөөр аялцгаасан гэнэ.

 

Харин манай найзуудын хувьд аль аль хэсэгт нь багтжээ.

 

Цааш ярих нь:

Хятадын тал өөрийн улсын хөгжил цэцэглэлт, цаашдын төлөвлөгөө, залуу үеэ хэрхэн дэмжиж байгаа талаар манай төлөөлөгчдөд үзүүлж тэдэнд маань нэлээд сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Аяллын хөтөлбөр ч өөлөх зүйлгүй сайхан байж, /аргагүй дээ айлын мөнгөөр зугаалж байгаа хойно/. Аялал сайхан үргэлжиж Бээжин, Хөх хот, Ордос гээд том хотуудаар аялуулж, зугаацуулсан аж. Гэхдээ уг арга хэмжээний нэр нь “Монгол, Хятадын залуучуудын 2011 оны нөхөрсөг уулзалт” гэвч, Хятадын газар тариалангийн Их сургуулиар орж хэдэн оюутны урлагийн үзүүлбэр үзсэнээс өөр нөхөрсөг уулзалт гэхээр уулзалтууд хийгдээгүй гэнэ. Нэг үгээр бол нөхөрсөг уулзалт  гэхээс илүү 7 хоногийн тансаг аялал л болсон юм билээ.

 

Сонирхолтой нь улаан, цэнхэр өнгөөр хуваагдсан Монголын төлөөлөгчид долоо хоногийн аяллын хугацаанд хамтдаа ердөө хоёрхон удаа байсан нь оройн хүлээн авалтын үеэр байлаа. Энэ үеэр “талууд” гирэвшэн байж уулзахдаа улаан, цэнхэрүүд замын хоёр талаас нэгдэж, зоогийн нэг том зааланд ч хуваагдан суусан нь хоёр намын “үзэл суртал” залуусыг хүртэл талцуулсан нь шууд харагдсан гэж хэлж болохоор ажээ.

 

За тэгээд аяллын үеэр хөгтэй явдлууд бишгүйдээ л тохиолдож, хоёр найзын маань ярьснаар бол, 200 залуусын төлөөлөл гэх атлаа 1950-иад оныхон мэр сэр явсан сурагтай. Гэхдээ энэ хамаагүй л дээ сэтгэлээрээ залуу хүн байж болно шүү дээ. Мөн тухайн улсад албан ёсны айлчлалын хэмжээнд өндөр хүндэтгэлтэйгээр зорчин явсан манай зарим төлөөлөгчид аяллын хөтөлбөрт заагдсан арга хэмжээнээс бултаж, нууцаар дэлгүүр хоршоо хэсэж, эгээ л наймаа хийх гэж ирсэн хүмүүс шиг явсан гэсэн. Харин зарим нь шөнө оройн цагаар нэг нэгнийхээ өрөөнд нийлж, сархад зооглон бүр мөрийтэй тоглосон сурагтай.

 

            Эцэст нь хоёр найз маань нэг зүйл дээр санал нэгтэй байсан шүү. Юу гэвэл:

 

НАМЗХ-ны тэргүүн Оюун-Эрдэнийн тэргүүлж явсан 100 залуусыг хятадууд бусад 100 залуугаас арай илүү халамжилсан гэнэ лээ. Мөн манай төлөөлөгчдийг үдэн гаргах хамгийн сүүлчийн үдэшлэг дээр НАМЗХ-ны тэргүүн Оюун-Эрдэнэ: “өөрийн тэргүүлж яваа 100 залуугаа төлөөлж та бүхнийг сайхан угтан авч аялуулсан талархлаа илэрхийлье” гээд бэлэг дурсгалын зүйл өгсөн байна. Харин энэ үед үлдсэн 100 залуу тэднийг төлөөлөөд айлын талд талархал илэрхийлчих хүн хайж, дэмий л санаа  зовцгоон доошоо харан сууж байтал, ашгүй үлдсэн 100 залууг тэргүүлж явсан нам бус нэг нөхөр гарч ирэн: “Бид хэдий хоёр хэсэгт хуваагдан аялсан ч эх орноо хөгжүүлэх нэг зорилгын дор нэгдсэн, адилхан залуучууд, тиймээс биднийг хүлээн авч аялуулсан та бүхэнд баярлалаа” гэж хэлсэн нь шоовдорлогдоод байсан 100 залуусын нүдийг сэргээж, заримынх нь нүдэнд бүр нулимас цийлгэнэсэн гэсэн. Энэ хүлээн авалтын дараа манай 200 залуус дор бүрнээ НАМЗХ-ны Оюун-Эрдэнийн амбицлал болон нам бус тэр залуугийн ухааны уужмыг тунгаан эргэцүүлцгээсэн биз.

 

            Энэ нийтлэлийнхээ гол тайллыг одоо өгүүлье. Манай улс ардчиллын замаар замнаад даруй 20 жил өнгөрсөн. Энэ 20 жилийн хугацаанд бид ардчиллын талаар, хувь хүний улс төрийн ухамсар, үүрэг хариуцлага, чөлөөт байдал, харилцан ойлголцол, эдврэл, эвлэрлийн талаар тодорхой хэмжээнд ойлголттой болсон, одоо бидний төлөвших цаг аль хэдийн болсон. Хувь хүн хэн ч бай улс төр хийж болно, харин бид өөр хоорондоо харилцан ойлголцож, бие биенээ хүндлэх нь соёлт залуус бидний хамгийн гол төлөвшил байх ёстой.  Иймээс аль ч нам эвсэлд багтаж бай, хүн бүр өөрсдийн ажилдаа хариуцлагатай хандаж,  мөн гадаад улс орон хаана ч явсан чамаар эх орныг чинь төлөөлүүлдэг юм гэдгийг ойлгоосой гэсэн үүднээс энэ нийтлэлийг бичлээ.

                                                                                      

 

         

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Бичлэг: 1 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax